Японы хаан, хатан хоёр боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн байгууллагуудад зочлов
Чихэнд чимэгтэй
2025-07-10
Монгол улсад айлчилж буй Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хоёр улсын хамтран байгуулсан боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн байгууллагуудаар зочиллоо. Хамгийн түрүүнд Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочлоход багачууд япон дуу дуулан эзэн хааны гэр бүлийг угтан авсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, найман баллын хүчтэй газар хөдлөхөд тэсвэрлэх, 720 хүүхдийн багтаамжтай тус сургуулийн барилгыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан юм. Дараа нь ШУТИС-ийн харьяа “Монгол Коосэн” технологийн коллежид зочилж, механик инженерчлэлийн хөтөлбөртэй танилцан багш, оюутнуудтай чөлөөтэй ярилцсан байна. Тус коллежийг Японы “Коосэн” сургалтын загварыг нутагшуулж, инженер, технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, үйлдвэрлэлийн ноу-хау нэвтрүүлэх зорилгоор байгуулсан юм. Мөн ЖАЙКА-гийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “1000 инженер” төслөөр Монголын 1098 оюутан, судлаач Японд суралцаж ирээд 96 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна.
Хамгийн сүүлд АШУҮИС-ийн харьяа Монгол–Японы эмнэлэгт зочлов. Энэ эмнэлэг 2019 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд их сургуулийн сургалт, судалгаа, инновацын бодлоготой уялдсан, 28 чиглэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Иймд хаан, хатан хоёр эмнэлгийн үйл ажиллагаа, хүний нөөцийн хөгжил, сургалт, судалгааны орчинтой танилцан, Японд боловсрол эзэмшсэн эмч, ажилтнуудтай уулзжээ. Тус эмнэлгийн менежмент, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилготой хоёр улсын техникийн хамтын ажиллагааны төсөл 2023 оноос амжилттай хэрэгжиж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.